МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар “Монгол Улсын шүүхийн 2020 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдвээр Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, тус газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Ц.Амарсанаа, П.Ангарагсайхан нар мэдээлэл хийсэн юм.

 

 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар “Олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал” сэдвээр холбогдох мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

“Монгол Улсын шүүхийн 2020 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ”-г тоймлон хүргэе.

Монгол Улсын шүүх 2020 оны 1 дүгээр улиралд 23266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2020 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 3193 хэрэг, иргэний 12909 хэрэг, захиргааны 350 хэрэг, зөрчлийн 4644 нийт 21096 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 3779 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4644 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 413 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1575 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 3294 хэргээр буюу 34.3 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг 157 хэргээр буюу 4.7 хувиар, захиргааны хэрэг 11 хэргээр буюу 3 хувиар тус тус буурсан байна.  Давж заалдах шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 582 хэрэг, иргэний 889 хэрэг, захиргааны 327 хэрэг, зөрчлийн 80 хэрэг, нийт 1878 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 142 хэрэг, иргэний 134 хэрэг, захиргааны 96 хэрэг, нийт 372 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд шүүхээс 5.6 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 465 хуралдаанд 470 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

 

 

 

                                                        1. Эрүүгийн хэрэг

Зарим гэмт хэргийн тоо өсөв(Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, залилах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 87.5 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2.2 хувиар,
  • Хүн худалдаалах гэмт хэрэг 1 хэргээр буюу 100.0 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 25 хэргээр буюу 17.5 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 100.0 хувиар,
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 19 хэргээр буюу 41.3 хувиар,
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 хэргээр буюу 140.0 хувиар,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/ 13 хэргээр буюу 20.3

хувиар, бусад гэмт хэрэг 13 хэргээр буюу 3.3 хувиар өссөн тус тус өссөн байна.

 

Зарим хүнд гэмт хэргийн тоо буурав

  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 11 хэргээр буюу 17.2 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 9.0 хувиар,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 148 хэргээр буюу 10.5 хувиар,
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15-р бүлэг/ 1 хэргээр буюу 25.0 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 86 хэргээр буюу 18.5 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 13.9 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 3 хэргээр буюу 2.7 хувиар,
  • Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /19-р бүлэг/ 1 хэргээр буюу 16.7 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 57.1 хувиар,
  • Хахууль авах гэмт хэрэг 1 хэргээр буюу 12.5 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын

эсрэг гэмт хэрэг 18 хэргээр буюу 6.4 хувиар тус тус буурсан байна.

Ял шийтгүүлсэн хүний тоо буурав

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 3167 хүн ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ял шийтгүүлэгчдийн дотор 30-34, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчид 1801 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 56.9 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 3967 хүн, 55 хуулийн этгээд, 46 төрийн байгууллага хохирсон байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 4644 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 287 шийдвэрийг хянасан байна. Үүнээс харьяаллын дагуу 4699 хэргийг хүлээн авч, 4644 хэргийг хянан шийдвэрлэж, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нийт 80 зөрчлийг хянан шийдвэрлэж 45 хэрэгт буюу 56.3 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 16 зөрчлийн хэрэгт буюу 20.0 хувьд нь өөрчлөлт оруулж, 19 хэрэгт буюу 23.7 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

2. Иргэний хэрэг

Иргэний хэрэг 29.6 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3294 хэрэг буюу 34.3 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд ажилласан жил тогтоосон маргаан 1489 хэргээр буюу 87.1 хувиар, банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 462 хэргээр буюу 69.6 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 453 хэргээр буюу 45.2 хувиар, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 500 хэргээр буюу 44 хувиар, эцэг тогтоосон маргаан 8 хэргээр буюу 11.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 156 хэргээр буюу 21.3 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 272 хэргээр буюу 67хувиар буурсан байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 19.3 хувиар бууруулав

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 3414 өргөдлөөс 2642 буюу 77.4 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна.

3. Захиргааны хэрэг

 

Захиргааны хэрэг 0.5 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11 хэрэг буюу 3 хувиар буурсан байна. Газрын маргаан 6 хэргээр буюу 7.3 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 5 хэргээр буюу 62.5 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 10 хэргээр буюу 62.5 тус тус өссөн бол төрийн албаны маргаан 19 хэргээр буюу 24.4 хувиар, татварын маргаан 2 хэргээр буюу 18.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 12 хэргээр буюу 7 дахин, ашигт малтмалын маргаан 23 хэргээр буюу 42.6 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 7 хэргээр буюу 35 хувиар тус тус буурсан байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 1 хэргээр буюу 0.3 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 14 хэргээр буюу 17.1 хувиар тус тус өссөн байна.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Leave a Reply