Туршилтаар:
Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид
холбогдуулан гаргана
Нэхэмжлэгч Тулга хариуцагч Зул, Од нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Зулаас нэхэмжлэгч Тулгат холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, нотариатч Ганаад холбогдуулан зээлийн гэрээг 567 дугаарт гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хууль бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн сөрөг шаардлагын зарим хэсэг нь энэ хэргийн нэхэмжлэгч биш этгээдэд холбогдохоор байх тул нотариатч Ганаад холбогдуулан гаргасан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар бүртгэн гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус гэж тооцуулах шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж хүлээн авахаас татгалзсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
Сөрөг нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгчтэй бол нэг нэхэмжлэгчид эсвэл хэдэн хэдэн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохоор байх шаардлагатай.
Хариуцагчийн гаргасан шаардлага бүр сөрөг нэхэмжлэл болохгүй.
Харин сөрөг нэхэмжлэлийг хамтран хариуцагчид холбогдуулж, эсвэл хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулж гаргахгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасны хувьд нэхэмжлэгчийн эрхийг эдэлдэг хэдий ч хамтран хариуцагч татах, эсвэл хамтран хариуцагч, гуравдагч этгээдэд холбогдуулж шаардах эрхгүй болно.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг.