Шүүхийн нэр: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгчийн захирамжийн дугаар: 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШЗ2023/06226 дугаар захирамж
Тоймын дугаар-05, огноо: 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч “ЖТ” ХХК нь хариуцагч Мөнхөд холбогдуулан 66,190,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хариуцагч Мөнх нь нэхэмжлэгч “ЖТ” ХХК-ийн захирал Б-г гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ч шүүх Б-г гэрчээр оролцуулах тухай хариуцагч Мөнхийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Учир нь Б нь нэхэмжлэгч “ЖТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу зохигч болох нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлж буй этгээд юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т зааснаар үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй.
Шүүхийн процессын тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр