Шүүхийн нэр: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дугаар шийдвэр,
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-01, огноо: 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн О нь ТЗ нийгэмлэгт холбогдуулан тэтгэмж 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...би тус байгууллагат 33 жил 3 өдөр ажилласан, тэтгэвэрт гарахад 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох байсан, гэтэл 21 жил 2 сар ажилласнаар тооцож 8 сарын тэтгэмж олгосон тул 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь түүнийг 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажилд дахин орсон, тасралтгүй ажилласан хугацаа тасалдсан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг журамд нийцүүлж зөвтгөсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.
О нь тус байгууллагат 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр түүний тэтгэвэрт гарах хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар актаар ажилтан О-ийн 1995 оны 08-12 сар, 1999 оны 11-12 сар, 2000 оны 1-2 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, мөн 1997 оны 07-12 сар, 1998 оны 01-07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан зөрчлийг тогтоож, ажил олгогч ТЗ нийгэмлэг актаар төлүүлэхээр тогтоосон 82,368 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлсөн.
Ажилтан О нь замчнаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тасралтгүй 33 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоогдсон, иймд ТЗ нийгэмлэг ҮЭ-ийн холбоотой байгуулсан хамтын гэрээнд зааснаар түүнд 18 хүртэл сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно.
Хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ТЗ нийгэмлэгээс тэтгэмж 17,000,000 төгрөг гаргуулан О-д олгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126486?daterange=2022-01-01%20-%202024-02-04&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин