+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж, гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй

  • 2024-10-31 17:53:19 |
  • (3) |
  • (0)

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.24-ний өдрийн 102/ШШ2021/00009 дугаар шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №2, 2023-01-27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

 

Барилгын зураг төсөл боловсруулдаг “Х” компани нь “Ш” компанид холбогдуулж ажлын хөлс 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “төлбөр төлөх талаар мэдэгдээгүй, … ажлыг 5 жилийн хугацаанд хүлээлгэн өгөөгүй, … хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх зэргээр маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар, уг хоёр компани нь хоорондоо Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд, “Х” компани нь уг гэрээгээр тохирсон “зураг төсөл боловсруулах” ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, энэ талаар захиалагч “Ш” компанид мэдэгдсэн боловч, захиалагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, “Х” компаниас төлбөрөө төлж ажлаа хүлээж авахыг фейсбүүк чатаар “Ш” компнаид удаа дараа мэдэгдсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн, Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байна.  

Шүүхээс “ … хариуцагч “Ш” компани нь захиалсан ажлаа хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул хэлэлцэн тохирсон ажлын хөлс 200,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр төлөх үүрэгтэй, ажлыг хийж гүйцэтгэсэн, хөлсөө төлөх талаар нэхэмжлэгч “Х” компани нь утсаар болон, фейсбүүк чатаар мэдэгдэж байсан нь тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Ш” компаниас ажлын  хөлс 200,000,000 төгрөгийг гаргуулж “Х” компанид олгож шийдвэрлэв.

 

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/101432?daterange=2020-01-01%20-%202023-02-14&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД