+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Хүчин чадлаас нь давсан хэмжээний ус туулж, машинаа эвдсэн жолоочийн хохирлыг даатгалын компани хариуцахгүй гэж үзэв

  • 2024-10-31 17:56:24 |
  • (8) |
  • (0)

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18 өдрийн 102/ШШ2022/018621 дугаар шийдвэр

Тоймын дугаар № 3, 2023.03.21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн С нь “МД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн олговорт 3 421 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс “… Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын “Хурх” бригадын Жаргалантын гармаар шөнө гарах үед цасан шуурга болж усны түвшин нэмэгдсэний улмаас машинтайгаа усанд сууж, машины эд ангид хохирол учирсан, … давагдашгүй хүчин зүйл болж даатгалын тохиолдол үүссэн тул нөхөн төлбөр авна” гэж, хариуцагч даатгалын компаниас… даатгуулагч нь техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар машинтайгаа зорчсоны улмаас хохирол учирсан тул даатгалын нөхөн олговор олгохгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч С нь уг даатгалын компанитай “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ хийж, Тоёота приус 30 маркийн машинаа даатгуулж, хураамж төлсөн, даатгалын гэрээний 5.4-т “техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсоны улмаас үүссэн хохирол”-ын тохиолдлыг даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэж заасан байв.

Нэхэмжлэгч С-ийн машин усанд суусан үеийн баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тухайн орон нутагт энэ цаг хугацаанд давагдашгүй хүчин зүйл учирсан, байгалийн эрсдэл буюу даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ус туулсны улмаас тухайн машины hybrid асаалтын болон компьютерийн систем гэмтсэн болох нь тогтоогджээ.

Япон автомашины www.jap.or.jp сайтад “PRIUS маркийн автомашин нь хосолмол буюу hybrid системийн машин бөгөөд 30 см гүн ус туулах боломжтой, үүнээс их ус туулах тохиолдолд хосолмол систем ажиллагаагүй болох, цахилгаан эд ангид богино холбоос үүсэх, ус нэвтэрч хөдөлгүүр гэмтэх эрсдэл үүсэх”-ийг мэдээлсэн байна. 

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг хэлэлцээд, автомашины хүчин чадлаас давсан хэмжээний ус туулсан нь хохирол учрах үндэслэл болсон гэж үзэж, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл болно гэж дүгнэн С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 https://shuukh.mn/single_case/120369?daterange=2022-05-01%20-%202023-03-20&id=1&court_cat=1&bb=1 

            Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч   Р.Алтантуяа                      

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД