Иргэн Дэндэв нь “Х” ХХК-д холбогдуулан цалин хөлс 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин хүргэн дүү Бат нь энэ компаниас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, өөр өөр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ. Тэрээр Дэндэв нь эдгээр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Хуульд зааснаар нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй, өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно.
Гэтэл дээрх хоёр хэргийг адил төрлийн маргаан гэж үзэхгүй, хэдийгээр хариуцагч нь “Х” ХХК боловч хөдөлмөрийн маргаан, ажил гүйцэтгэх маргааныг нэгтгэн нэг ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй юм.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Хураангүй бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа